Урлаж эхэлсэн өдөр
Хэдийгээр энэ тийм ч сайхан түүх байгаагүй ч яг л бусад хайрын түүх шиг эхлэхдээ аз жаргал дүүрэн байсан юм. Хүнийг хайрлахдаа хэмжээ дамжаатай хандах нь их чухал гэдгийг хожмоо ойлгосон тэр л учралаас өнөөдрийн бүхнийг эхэлж билээ. Одоогоор хараахан амжилтад хүрээгүй ч зүгээр л эхлүүлснээ эргээд харахад маш их эрч хүч авч, найз нөхдийнхөө урмын үгсээр, хөөрхөн бүсгүйчүүдийнхээ талархлын үгсээр цаашид улам илүүг хийж бүтээх мотивац авдаг. Урлах гэдэг нь миний хувьд чөлөөт цаг байгаад зогсохгүй, бүхий л талаараа надад үлгэр жишээ болж байсан хайртай хүнийхээ дэргэд өөрийнхөө сайн талыг нээж харах гарц болж өгсөн билээ. Одоо бол амьдралын минь салшгүй нэг хэсэг "урлах" бас "бичих" юм.
Туулсан цаг хугацаанаас бидэнд дурсамж л үлдэнэ. Өдөр хоног хэдий удаан ч гэлээ эргээд харахад сар жилүүд их хурдан өнгөрсөн байдаг. Өнгөрч буй хором мөч бүр киноны дүрс бичлэг шиг тодхон хадгалагддаг байсан бол тэдгээр цаг хугацаа юутай удаан санагдахсан. Гагцхүү үлдсэн дурсамж л биднийг зөвхөн дурсамж гэдэг цаг хугацааг туулж өнгөрүүлсэн мэт товчхон сэтгэгдэлтэй үлдээдэг ажээ.
Зургийн цомгоо эргүүлж суухад хийсэн хэдэн гоёл минь, надад урлаж суусан тухайн цаг үеийн сэтгэгдлийг өгүүлж, амьдралаа хийж бүтээснээрээ хэмждэг урсгалд өөрийн эрхгүй шидэгдсэн бололтой.
Цаг хугацаа өнгөрөх тусам зам зуурын хүмүүс зайгаа барьж, дэргэд үлдсэн хүмүүсийн үнэ цэнийг улам илүү мэдэрсээр. Уурлаж гомдохын алинд ч би урлаж сууна, урамшиж цөхрөхийн хэдийд ч би урласаар л суудаг. Зүйрмэглэн хэвтэхдээ бодсон санаагаа зургийн дэвтэртээ ноороглон буулгаж сэвэлзүүр салхины зөөлөн илбээнд сэтгэлээ төмөр утастайгаа хамт зангидаж, нулимсаа болор шүртэйгээ хамт сүвлэхдээ нууцхан итгэлээрээ бөхөлж дуусгадаг. Тэдний маань хэсэг бүрт нь хайр шингэж, болор чулууны талст бүрээс сэтгэл минь цацарч байдаг, тийм л бяцхан ид шидээр үзэсгэлэнт бүсгүйчүүдээ гоёх дуртай билээ.
Mundag ymaa
ReplyDelete